Дүрслэх урлагийн түүхэнд иxэнx зураачид тосон болон шороон будгаар зурж гаршсан байдаг бол усан будгаар дагнан зурдаг уран бүтээлчид түүxийн цаг үе бүxэнд тун цөөнд тэмдэглэгдэн үлджээ. Учир нь усан будгаар зурсан зургийг дахин засварлах боломжгүй. Усан будгийн бүтээл яг л яруу найраг шиг. Тухайн зураач хүний сэтгэл хөдлөлөөр маш хурдан бүтдэг ажээ. Тиймээс Зураач Д.Батнасан усан будгийн зургийг түлхүү сонирхож ирсэн байна.
Монголын усан будгийн зургийн мастер Д.Батнасан Олон улсын Усан будгийн нийгэмлэгээс зохион байгуулсан “International triennial WATER color & SPIRIT-II” уралдаанд оролцож “Бэлэг” Бүтээлээрээ дэлхийн шилдэг 50 уран бүтээлчийн нэгээр шалгарсан чансаатай зураач юм. “Бэлэг” Бүтээлээрээ хөдөө талын малчин жаалууд холоос ирсэн бэлгээ задлахаар яарч, догдолж, бужигнаж байгаа бүлтгэр олон багачуудыг тэр агшин, сэтгэл хөдлөлтэй нь яг л бодит мэт зурсан байдаг.
Зураач, урлаг судлаач Д.Батнасан эх орныхоо нүүдлийн ахуй соёл, байгаль, монголчуудын уламжлалт соёл, хөдөө нутгийн эгэл жирийн амьдрал ахуйн сэдвээр голчлон уран бүтээл туурвидаг. Байгалийн нууцлаг төрхийг өнгө будгаараа “хөгжимдөх” мэт түүний бүтээлүүд Гуанжоугийн хувийн уран зургийн галерей, Бээжин, Хөх хотын урлагийн музей, Кувейтийн угсаа залгамжлах хунтайж Шейх Наваф Аль-Ахмед Аль-Жабер-Аль-Сабахтын уран зургийн галерей , Япон, Солонгос, Америк гэх мэт олон газар хадгалагдаж, олны мэлмийг баясгаж байна.
Зураач Д.Батнасан 1991 оноос хойш гадаад дотоодод бие даасан 16 үзэсгэлэн, хамтарсан 20 гаруй үзэсгэлэн гаргаад байна. Түүний 2004 онд гаргасан “Хүндэтгэлийн сав” хувийн уран зургийн галерей Монголын анхны хувийн галерей байв. Тухайн үедээ зураачдын бүтээлүүдийг олон нийтэд сурталчлан таниулах болон худалдан авагчидтай холбох гүүр болсон юм. Мөн Үзэгчдийн урлагийн боловсролд зориулсан “Сонгодогуудыг сонсохуй” 56 цуврал нэвтрүүлэг хийсэн нь үзэгч сонирхогчдод чухал мэдээлэл болсон билээ.
2021-2022 онуудад “Дөрвөн цагийн Хангай” арт плейнэрийг зохион байгуулж, Хангай нуруу орчмоор монголын байгалийн зургийн нэр алдартай 30 орчим зураачтай хамтран уран бүтээл туурвисан. Тэрээр энэ төслөө олон улсын төсөл болгохоор зорьж буй. Үзэх яруу найраг болсон уран зургийн ертөнцөд түүний оруулсан гавьяа тоймгүй их билээ.
Дэлхийн шилдэг 50 зураачийн нэг, усан будгийн зургийн мастер Д.Батнасан
2023-05-18
# Сэдвүүд
мэдээ