МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД БОЛЛОО
2023-03-06
“Музейн нээлттэй өдрүүд” 5 хоногийн турш Монгол орон даяар амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү өдрүүдэд Архангай аймгийн музейгээр 1795 хүн үйлчлүүлсэн байна.
Нээлттэй өдрүүдийн хүрээнд Архангай аймаг дахь ШШГГ-ын хамт олон “Эх орончдын өдөр”-ийг угтан музейд зочлон түүх өв соёлтой танилцлаа. Архангайгаас төрсөн генералуудын түүх, тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлын талаар хууч дэлгэн дурсамж яриа өрнүүллээ.
Архангай аймгийн музей нь “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР” аяны хүрээнд “Хүүхдийн сахиус наадгай” гэсэн сэдвээр боловсролын ажил явууллаа. Хүүхдийн сахиус наадгай дотор байгаа олон зүйл, жижиг дүрсүүд байдаг. Үүнээс онцлон ҮНЭГ, ТЭЭГ, ХОНХ, ЕСӨН НҮХ-ний утга бэлгэдлийг тайлбарлан зан заншлаа танин мэдэх, эрхэмлэн дээдлэх ёстойг сурталчлан таниуллаа. Сахиус наадгайны утга бэлгэдэл:
-ҮНЭГ Хүүхдийн унжлага тоглоомд үнэг хайчилдгийн учир гэвэл хүүхэд унтаж байхдаа инээх маяг үзүүлэхийг “үнэгчлэх” гэж ярьдаг. Түүнээс үүдэн эртний домог ярианаас үндэслэн “ эсгий үнэг” хайчлаагүй бол хүүхдийн зүүдэнд нь үнэг хүрч ирээд “ээж чинь байхгүй шүү” гэж хэлээд хүүхдийг унтуулдаггүй гэнэ. Харин үнэг хайчлаад унжуулсан бол “энэ хүүхэд чинь үнэгтэй юм байна” гээд буцаад явдаг гэсэн ардын домог яриа байдаг. Үнэгийг ихэвчлэн хүүхдийн эцэг юм уу нагац ах нь хайчилж өгдөг. Яагаад заавал үнэг хайчилдаг вэ? Үнэг бол зальтай сэргэлэн, сонор соргогоос гадна маш их энерги гаргах чадвартай амьтан болохыг эрдэмтэд баталжээ. Мөн үнэг нь их үнэнч, өөрийн үүр, үрээ өсөж өндийтөл нь орхидоггүй үргэлж тордож дагадаг зантай байна.
-ТЭЭГ Тээг нь хүүхдийг эсэн мэнд, эрүүл саруул байлгаж, цагаан хар хэл амнаас хол байлгах бэлгэдлийн утгатай. Мөн газар лус огторгуйгаас нөлөөлөх далд муу юмнаас хамгаалдаг. Тээгийг нярай хүүхдийн дээр зүүхэд анхаарал төвлөрч, хараа сайжрах, өнгө дүрс ялгах, оюун ухааны зөв хөгжилтэй байх ач холбогдолтой. Мөн цаашдаа үе дамжин уламжлагдаж буян хишиг эд баялгийг нь арвижуулж байдаг домогтой.
-БОЙТОГНЫ ХОНХ Бойтогны хонхны тухай Монголчууд нялх балчир хүүхдийнхээ бойтогт хонх хадаж өгдөг заншилтай билээ. Энэ ёс заншил нь дараах 2 зүйлээс улбаатай. Бойтогны хонхны жингэнэх дуу нь нам давтамж өндөртэй учраас муу энергийг хөөн зайлуулдаг ба ингэснээр үр хүүхдийг нь өвчин зовлон ороодоггүй гэж үздэг байна. • Мөн хөлд орж байгаа хүүхдээ бойтогны хонхны дуугаар нь хаана явж байгааг нь мэдэх зорилготойгоор зүүж өгдөг байна.
-ЕСӨН НҮХ Ээжийн цацлын халбаганы жижиг хэлбэрээр хийдэг. Тоглоом наадгай гэхээс илүү дөнгөж төрсөн хүүхдэд аав ээж нь тэнгэр бурханд нь таниулах буюу холбоо тогтоож өгдөг. Мөн амь сахих гэж ч нэрлэдэг байна. Тус боловсролын ажилд ерөнхий боловсролын 2-р сургуулийн 7-р ангийн 35 сурагчид оролцов.
-Архангай аймаг дахь МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Бага ангийн багшийн 1-р курсийн оюутнууд дунд Үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлаараа бахархах, хүндэтгэн дээдлэх үзэл санааг бий болгох зорилготой “Үндэсний түүх, өв соёл” мину арга хэмжээг зохион явууллаа. Тус арга хэмжээнд нийт 2 ангийн 45 оюутан хамрагдсан болно.
-Музейн нээлттэй өдрүүд арга хэмжээний хүрээнд УБ хот дахь Улсын тэргүүний 130-р сургуулийн 3д ангийн 41 сурагчдыг цахимаар музей үзүүлэн Архангай аймгийн музейн онцлог үзмэр, үүсэл хөгжлийн талаар болон Заяын хүрээний талаар мэдээлэл өгч “Бидний мэдэх музей” сэдэвт боловсролын ажил амжилттай явууллаа.
# Сэдвүүд
мэдээ
Онцлох мэдээ