ҮЗГИЙН ХҮЧЭЭР АЛИВАА АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛҮҮЛЖ ЧАДДАГ МОНГОЛЫН АНХНЫ “ГАН ҮЗЭГТЭН”
2023-05-18

МУСГЗ Сэтгүүлч, Зохиолч Гочоогийн Жамцийг бид Архангай аймгийн Соёлын элчээр онцолж байна.
Г.Жамц 1986 онд “Үнэн” сонины сэтгүүлч байхдаа ойн модны үйлдвэрийн аж ахуйг, шүүмжилж “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” гэх цуврал нийтлэл бичжээ. Түүний цуврал нийтлэл нийгэмд цочроо өгч, олны анхаарлын төвд орсоноор олон олон хэлэлцүүлгүүд өрнөсөн байна. Тухайн үед ойн модны үйлдвэрүүд жилд 1 сая 600 м.куб мод бэлтгэж гадаадын орнууд руу нийлүүлдэг байсан юм. Тэгвэл Г.Жамц гуайн цуврал нийтлэлийн хүчээр ой модоо устгах биш, хайрлан хамгаалах хэрэгтэйг хүмүүс уриалж эхэлсэн байна.
Г.Жамц гуайг НҮБ-ын ЮНЕП /Байгаль орчны программын/ “ГЛОБАЛЛ 500” шагналаар 1991 онд шагнасан нь түүний нийтлэл дэлхийн сонорт хүрснийг илтгэнэ.“Ууршуулж шатаасан шингэн алт хайран”, “Замаа алдсан зам”, “Үйлчин”, “Газрын гүний ургац”, “Сүүдэр хүүшлэх эгшин”, “Хоргодуулах шидтэй нутаг” гэхчлэн сэтгүүл зүйн олон бүтээл туурвисан, түүнийг МСХ-ноос анх удаа “Ган Үзэгтэн” шагналаар МУСГЗ Г.Жамц гуайг шагнасан байна.
Амьдралаа номон суварга бүтээхэд зориулсан Г.Жамц нь Халхын Зая бандида С.Лувсанпрэнлэйн амьдрал уран бүтээлийг сүүлийн 30 шахам жил судалж “Нэн тод гэрэлт Зая бандида” судалгааны ном туурвисны зэрэгцээ их хутагтын бүтээлийг эмхлэн “Утгын гучин таван чимгийн яруу эгшиг” ном, “Тавилан” роман бичиж Монголын оюуны болоод соёлын санд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Хүүхэд ахуй цагаасаа шүлэг тэрлэж, мөр холбож эхэлсэн тэрээр 20 гаруй ном бичсэн бөгөөд номуудаа эмхэтгэн цэгцэлж 2022 онд 8 боть болгон хэвлүүлсэн байна. Г.Жамц гуай “Бүтээлийн дээжис” 8 боть номоо кирилл, монгол бичгийг хослуулан бичсэн нь ирээдүй хойч үедээ үлдээж буй номон суварга билээ.

# Сэдвүүд
мэдээ