Хөгжимт драмын театр

АРХАНГАЙ АЙМГИЙН МУАЖ Д.ИЧИНХОРЛООГИЙН НЭРЭМЖИТ

ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР

Архангай аймгийн Хөгжимт Драмын Театр нь 1927 онд “Чогчон дуган”-ы орой биеийг солиод, аймгийн “Клуб” нэртэйгээр анх нээгдсэн. Энэ үеэс аймгийн клуб нь анх удаа өөрийн орон байртай болж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

1927-1930 онд хошуудын “Улаан гэр”-нь байнга үйлчилгээтэй “Улаан булан” болон өргөжиж, нэг хошуу нэг “Улаан гэр”-тэй болов. Ингэж хошууны ард иргэдэд урлаг, соёлыг түгээж, үйлчлэх газартай болсон нь тухайн үед том амжилт байв. Хошуудын “Улаан булан”, “Улаан гэр” нь ханын сонин, самбар гаргаж, тогтмол хэвлэлээр уншлага хийж, ардын авьяастнуудыг түшиглэн хөгжиж, бүжиг, дуу зэргээр голлосон концерт, жижиг үзэгдэл найруулан тоглодог байв.

1930 оны 08-р сараас Архангайн “Клуб” нь тухайн үеийн сайн дурын уран сайханчдаар баг бүрдүүлж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1931-1935 онд “Эмэгтэйчүүдийн клуб”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Голын клуб”, “Ажилчин клуб” гэх зэрэг төрөлжсөн клубууд ажиллаж эхэлжээ. Цэцэрлэг хотод ажиллаж байсан хөдөлмөрчдийн соёлын байгууллага, клуб хоёрын холбоо өргөжиж, клуб нь байнга ажилладаг сайн дурын 40 шахам уран сайханчтай болж, тэд нар өдөрт 4-5 цаг тогтмол сургуулилт хийдэг, аймгийн клуб, сумдын улаан булан, нүүдлийн улаан гэр нь шудрага хөгжим, мандолин, хуучир, хуур зэрэг утсан хөгжмүүдийг гол төлөв хэрэглэж байжээ.

1946 онд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Хангай дуу” театр болсон гэх мэдээлэл бий. 1956 онд өнөөгийн театрын барилгыг барьж, ашиглалтанд оруулж, аймгийн “Соёлын ордон” нэртэй болж өргөжин тэлж, дарга, найруулагч, 4 багш, 8 жүжигчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байв. Энэ үеэс тус ордонд мэргэжлийн багш нар, мэргэжлийн жүжигчид уран бүтээлээ туурвих болсон.

МАХН-ын төв хороо болон Соёлын яамны хамтарсан 1986 оны 11 сарын 13-ны өдрийн 234 дүгээр  тогтоолоор Архангай аймгийн “ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР” болж, 1996 онд  “ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ХҮРЭЭЛЭН”, 1998 онд Хөгжимт драмын театр шинэчлэгдэн хөгжиж монгол улсын төвийн бүсийн мэргэжлийн урлагийн томоохон байгууллага болсон.

Монгол улсын Засгийн газрын 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Монгол Улсын Ардын жүжигчин Дашзэвэгийн Ичинхорлоогийн нэрэмжит театр болж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Одоо манай театр нь захиргаа аж ахуй, дууны анги, хөгжим анги, бүжиг анги, драм анги гэсэн үндсэн 5 ангитай 60 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театр нь байгуулагдсан цагаасаа одоог хүртэл дэлхийн болон монголын сонгодог томоохон уран бүтээлүүдийг тайзнаа тавьж ард иргэдэд урлаг соёлын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хүргэн ажиллаж байна.

Бид сүүлийн жилүүдэд уламжлалт өв соёл, соёлын үнэт зүйл болох түүхэн уран бүтээлүүдийг тайзнаа тавьж үзэгчдэд хүргэж байна.

Сүүлийн 5 жилд тайзнаа тавьсан бүтээлүүдийг дурьдвал: 2017 онд “Эрдэнийн хэлхээ” бүрэн хэмжээний язгуур урлагийн концерт, 2018 онд О.Цэндийн зохиол “Тамирын бэр” дуулалт жүжиг, 2019 онд Төрийн шагналт С.Соронзонболдын хөгжим “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг, 2021 онд “Улаан орхимжны давалгаа” түүхэн эмгэнэлт драмын жүжиг гэх мэт томоохон бүтээлүүдийг тайзнаа бүтээсэн.