АРХАНГАЙ АЙМГИЙН МУЗЕЙ
Архангай аймгийн музей нь анх 1949 онд Сандуй хувилгааны дуган буюу одоогийн аймгийн төв ганданд 500 гаруй үзмэртэй орон нутаг судлах кабинет нэртэйгээр байгуулагджээ. 1967 онд “Аймгийн орон нутаг судлах музей” болон өргөжиж Угсаатан, Түүх, Шашин, Байгалийн гэсэн анги, төрөлжсөн музейг үүсгэн, цуглуулгын нэр төрөл, цар хүрээгээ өргөтгөн ажиллаж байв. 1997 онд Архангай аймгийн Засаг даргын 19 дүгээр захирамжаар салбар музейдийг аймгийн угсаатны музей дээр нэгтгэн зохион байгуулж, “Аймгийн музей” нэртэй болгон өөрчилжээ. Тус музей нь Монголын болон орон нутгийнхаа эрт, эдүгээ үеийн түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, хойч үедээ өвлүүлэх, нийтийн боловсролыг дэмжих төрийн үйлчилгээний соёлын байгууллага юм.
Архангай аймгийн Музей нь Захирал, Сан хөмрөгч, Бүртгэл мэдээллийн санч, Эрдэм шинжилгээний ажилтан, Боловсролын ажилтан, Үзмэр харагч гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага XVII зууны үед баригдсан халхын Зая бандида хутагтын Лаврин ордонд үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой юм. Музейн үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламж нь төрх хийцийн хувьд төвд, хятад хосолмол хийцтэй монгол уран дархчуудын гараар бүтээгдсэн монгол уран барилгын хосгүй үнэт дурсгал юм. Музей нь байнгын үзүүллэгийн таван танхим, түр үзэсгэлэн, боловсролын тус бүр нэг танхимд үзмэр үзүүллэгээ дэглэн олон нийтэд үйлчилж байна.. Сан хөмрөгтөө түүх, угсаатан, шашин соёл, урлаг уран сайхны төрөл зүйлийн 4000 орчим цуглуулгатай.
Үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгал, хөдлөх дурсгал, тахилга шүтлэгт газрын хадгалалт хамгаалалтад, ашиглалтын байдалд хяналт тавих, бүртгэн баримтжуулах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг бүртгэн баримтжуулж, сурталчлан алдаршуулах зэргээр аймгийн соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулан ажилладаг. Музей нь бүх нийтийн боловсролын орчин болохын хувьд нийгмийн бүхий л бүлгүүдэд хүртээмжтэй хэлбэрээр түүх, соёл, шинжлэх ухаан танин мэдэхүйн ач холбогдол бүхий сонирхолтой боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. ЕБС-ийн сурагчдад эх түүх, орон нутаг судлах сонирхолтой, зугаатай аяллыг зохион байгуулдаг уламжлалтай. Аймгийн музейг жилд дунджаар 6000 гаруй гадаад, дотоодын жуулчид, аялагчид үзэж танилцдаг байна.